МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР
МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЭРХЛЭГЧДИЙН
2008 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот
Эрхэм хүндэт төлөөлөгчид, зочид оо,
Хатагтай, ноёд оо !
Монгол Улсын аялал жуулчлал эрхлэгчдийн үндэсний Ш чуулганд оролцож байгаа Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, амжилт, бүтээлийн дээдийг хүсэн ерөөе !
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасанчлан олон улсын түвшинд нийцсэн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах, үндэсний соёл, түүх, нүүдэлчдийн хэв маягийг тусгасан, жуулчдыг олноор татах томоохон төслүүдийг дэмжин хөгжүүлэхийг зорьж байна.
Энэ асуудалд хувийн хэвшлийнхний санаачлага, хөрөнгө оруулалтыг дэмжих сонирхол татахуйц механизмуудыг бий болгоход анхаарах ёстой.
Манай улс өнөөгийн нөхцөлд аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд бүтцийн асуудалд онцгой анхаарал хандуулах учиртай.
БНСУ зэрэг улс орнуудад авто зам, эрчим хүч, инженерийн байгууламж гэх мэт бүхий л дэд бүтцийг улсын хөрөнгөөр байгуулж, тэнд барилга барих, цогцолборыг иж бүрнээр байгуулах асуудлыг хувийн компаниудаар тендерийн журмаар гүйцэтгүүлж байна. Тендерээс орох орлого нь дэд бүтцийг барьж байгуулсан зардлаас илүү гардаг бөгөөд дараагийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зарцуулагддаг байна. Ийм механизмыг манай улсад хэрэглэх шаардлагатай бөгөөд энэ талаар хөрөнгө оруулалтын төвлөрсөн бодлого хэрэгтэй гэж үзэж байна. Манайд жуулчлалын цогцолбор барьж байгуулах асуудлыг хувийн хэвшлийнхэн бүх зүйлийг тэгээс эхэлдэг нь ихээхэн хүндрэл бэрхшээлийг буй болгож байгааг бид өөрчлөх ёстой. Түүнчлэн аливаа зөвшөөрөл лицензийн систем ихээхэн цаг хугацаа, илүү нэмэлт зардал шаарддагийг арилгах ёстой.
Агаарын тээвэр, төмөр замын тээврийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ бий. Аялал жуулчлалын компаниуд Европоос авах гэрээг жуулчдын бараг тал хувийг авч чаддаггүй гэж гомдоллодог. Түүнчлэн тээвэрлэлтийн цагийн хуваарийг эрт зарладаггүйгээс шалтгаалан гэрээ байгуулахад хугацаа алддаг явдлыг ч өөрчлөх хэрэгтэй байна.
Жуулчны үйлчилгээ, аюулгүй байдлын чиглэлээр аялал жуулчлалын бүс нутгуудад тусгай хөтөлбөр, төлөвлөгөөтэй ажиллаж, шинэчилсэн стандартыг мөрдөхөд анхаарах ёстой.
Саяхан Засгийн газраас Хөвсгөлийн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх шийдвэр гаргалаа.
Орон нутгийн зарим нисэх буудлыг олон улсын шинжтэй цогцолбор болгон шинэчлэн байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Жуулчны гол бүс нутгуудыг эхний ээлжинд сансрын байршил тогтоох системд хамруулаад байна.
Засгийн газраас ойрын 5 жилд бүх аймгийн төвүүдийг авто замаар холбох зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагийн дотор аялал жуулчлалын бүс нутгууд онцгой анхаарлын төвд байна.
Аялал жуулчлалын бүс нутгийн авто замыг сайжруулах хүрээнд Хатгал-Жанхай-Тойлогт, Хархорин-Хужирт, Хөшөө цайдам-Өгийнуур чиглэлийн 100 гаруй км замыг ашиглалтад оруулан, Мөрөн-Хатгал, Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай замыг барих ажлыг эхлүүлнэ.
Энэ онд олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэн, олон улсын шинэ нисэх буудлыг Хөшигтийн хөндийд байгуулах ба Монгол улсын төмөр замын зүтгүүр, вагоны паркийг нэмэгдүүлэх болно.
Энэчлэн аялал жуулчлалын талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажил хийж байгаа ч цаашид энэ салбар дахь эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ялангуяа олон улсын тээвэр, дэд бүтцийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар тодорхой санал зөвлөмжүүд гаргахыг хүсье.
Эрхэм нөхөд өө !
Аялал жуулчлалыг өөрийн орны өвөрмөц онцлог, давуу тал, байгалийн үзэсгэлэн, нүүдлийн болон суурин соёл иргэншлийн хосолмол байдал, үндэсний соёл, уламжлалд тулгуурлан орчин үеийн мэдээлэл, технологийн сүлжээг ашиглан хөгжүүлж чадваас манай улсын хөгжил дэвшилд онцгой чухал ач холбогдолтой билээ.
Энэхүү үйлсдээ улам их амжилт олж, улс эх орныхоо төлөө хичээл зүтгэлээ зориулан ажиллахыг нийт аялал жуулчлал эрхлэгчиддээ хүсэн ерөөе.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
No comments:
Post a Comment